Товч танилцуулга

Улаанбаатар Эмпати сургуулийн захирал Д. ГАНБААТАР

Zahiral

Улаанбаатар Эмпати бүрэн дунд сургууль Монгол улсад анх 1994-1995 оны хичээлийн жилд байгуулагдан үүд хаалгаа нээж байсан бол эдүүгээ 21 дэх хичээлийн жилтэйгээ золгож байна.

Тус сургууль нь “Эрдэм Боловсролтой Монгол Хүн”-ийг бэлтгэх, Монгол улсын боловсролын салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үйлстээ түүхэн богино хугацаанд бодитой олон арван амжилт ололтуудыг гарган салбартаа тэргүүлсээр ирсэн нь манай сургуулийн багш, ажиллагсад, суралцагчид тэдний эцэг, эхчүүдийн хамтын бүтээл, хамтарч босгосон амжилтын суварга юм.

Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч, бүтээлч, өрсөлдөх чадвар бүхий өндөр боловсролтой “Зөв Монгол” хүнийг сурган хүмүүжүүлж, иргэн болгон төлөвшүүлэхэд оруулж байгаа тус сургуулийн Монгол, Турк эрдэмтэн багш нарын бүтээлч үйл ажиллагааны амжилт цаашид улам бэхжиж, өргөжин тэлсээр байх болно. Тус сургуулийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж байгаа шавь нар маань Монгол хүний оюун ухаан, мэдлэг чадвар, бүтээлч чанарыг дэлхий дахинд таниулан сурталчлах үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн нь бидний бахархал болж байдаг билээ.

Энэ жил манай сургуулийн төдийгүй Монгол улсын боловсролын салбарын хувьд ихээхэн онцлогтой жил болж байна. Энэ нь боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн хамгийн том алхам болох 12 жилийн сургалтын анхны төгсөлтөө хийж байгаа явдал юм.

Бид ямагт өнгөрсөн цаг үеэ дурсаж, өнгөрснөөрөө бахархан суралцаж, гэрэлт ирээдүйдээ цаг үргэлж итгэл дүүрэн тэмүүлж, шинэ шинэ амжилт, хөгжлийн шинэ үе шатныхаа эхлэл, суурийг итгэл төгс тавьсаар ирсэн билээ.

Тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн төлөө өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, авъяас билэг, сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажиллагсад, суралцагсад, эцэг, эхчүүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлж ажил үйлст нь амжилт бүтээлийн дээд, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Улаанбаатар Эмпати бүрэн дунд сургууль нь 1994 онд Улаанбаатар Монгол-Туркийн хамтарсан сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тэр цагаас эхлэн боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үйл ажиллагаагаараа байнга тэргүүлсээр ирсэн билээ.
Улаанбаатар Эмпати сургууль нь:

  • 2004, 2005 онд “Хүүхдэд ээлтэй сургууль”,
  • 2004 онд “Өсвөр үе, боловсролд хөрөнгө оруулагч байгууллага”,
  • 2007 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”,
  • 2008 онд “Дүүргийн тэргүүний сургууль”,
  • 2008 онд “Топ Менежменттэй 20 сургууль”,
  • 2009 онд “Нийслэлийн тэргүүний сургууль
  • 2010 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль
  • 2012, 2013 оны “BEST OF MONGOLIA” цахим санал асуулгад шилдэг дунд сургууль
  • 2015 онд BID буюу Business Initiative Directions байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага
  • 2016 онд Улаанбаатар хотын Химийн олимпиадын “Аварга сургууль“-иар тус тус шалгарсан амжилттай.

Улаанбаатар Эмпати сургууль нь 12 жилийн сургалттай сургууль бөгөөд сурах эрхэм хүсэлтэй сурагчдын авьяас сонирхлыг хөгжүүлж, сурагчдад судалгаа, дадлага туршлагад суурилсан онолын өргөн мэдлэг чадвар олгодог.

Сурагчдын мэдлэгийн түвшинг 14 хоног тутамд болох КТТ буюу явцын шалгалт, улирал тутамд ГДС буюу ерөнхий шалгалт гэсэн 2 төрлийн хөндлөнгийн шалгалтаар дүгнэдэг нь сурагчдыг амжилт гаргахад маш сайн нөлөөтэй байдаг.

Сурагчид нийгмийн ухааны болон байгалийн ухааны хичээлүүд, англи хэл, мэдээлэл зүйн хичээлийг маш өндөр хэмжээнд эзэмшин, Монгол улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх, Турк лицей сургууль төгссөн гэрчилгээ авдаг.

Удирдах зөвлөл

Хамт олон

Багш боловсон хүчний хувьд нийт 28 багш ажиллаж байгаагийн 50 хувь нь гадаад, 50 хувь монгол багш нар байна. 50 хувь нь магистр, үлдсэн хувь нь баклаварын зэрэгтэй. Мэргэжлийн хувьд өндөр чадвартай, шилдэг заах арга зүйтэй тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй багш нар ажилладаг. Багш нар ЗАН-ээрээ хамтран сурах бичиг, ном товхимлыг эрхлэн гаргадаг ба сургалтандаа нэмэлт материал болгон ашиглаж байна