2017 оны төгсөгч М.Болормаа

2017/08/30 Сэтгэгдэл үлдээх

Сайн байна уу?
Намайг Мөнх-Эрдэний Болормаа гэдэг.
Би 2017 онд “Улаанбаатар Эмпати” сургуулийг төгсөж АШУҮИС-д элссэн.
Анх сургуульдаа орж ирэхдээ бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй хүүхэд байсан бөгөөд 4 жилийн суралцах хугацаандаа өөрийнхөө энэхүү зан чанаруудаа эвдэж өөртөө итгэлтэй , зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмүүлж чаддаг, нөхөрсөг нэгэн болж хувирсан байна. Сургууль минь их олон мэргэн багш нартай бөгөөд багш нар нь нэг бүрчлэн сурагчидтайгаа дотно байж , жинхэнэ эрдэм боловсролыг эзэмшүүлж чаддаг билээ. Ачит багш нарынхаа ачаар би 2013 оноос 4 жилийн хугацаанд онц дүнтэй суралцан төгсөж , “Оны шилдэг сурагчид” самбарт удаа дараалан нэрээ бичүүлж чадсан юм. Гадаад хэлийг гүнзгийрүүлэн үзэж Англи, Турк хэлийг ахисан түвшинд эзэмшиж чадсан ба 2015 онд Олон Улсын Турк хэлний олимпиадад амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн. Чанартай өндөр боловсролыг олгоод зогсохгүй Улаанбаатар Эмпати сургууль минь урлаг, спортын наадам, тэмцээн ба олон төрлийн клубууд , сайн дурын ажлыг зохион байгуулж, сурагч бидэнд авъяас чадвараа нээн илрүүлэхэд тусалж, нийгэмд тустай хүмүүс болох хүмүүжлийг олгодог.
Дотуур байранд суун амьдарснаар биеэ даах ухаанд суралцаж, олон сайхан найз нөхөдтэй болсон. Дотуур байранд байрладаг сурагчидад тогтмол хичээлийн цаг гаргаж өгдөг бөгөөд тэнд л би хичээлээ тогтмол давтах, цагийн юмыг цагт нь хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон билээ.
Улаанбаатар Эмпати сургууль минь надад миний мэддэгээс огт өөр ертөнцийг урд минь нээж өгч , энэхүү сургуульдаа амьдралынхаа хамгийн жаргалтай, дурсамж дүүрэн 4 жилийг өнгөрүүлжээ. Улаанбаатар Эмпати сургуульд ороод олж авсан хамгийн том зүйл бол би өөрөө. Би өөрийн доторх жинхэнэ өөрийгөө нээн илрүүлж чадсан. Иймд сургуулиа маш их хүндэтгэн талархаж явдаг. Одоо би өөрийн хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах гэж байна.
Амьдралын хөлгүй их далайд хөл алдан төөрч явахад минь зөв зам руу чиглүүлж өгсөн сургуулийн ачит багш нар, сайхан сэтгэлт ажилчин ах эгч нартаа , гайхалтай хамт олондоо үргэлж талархаж явдаг. Та бүхнийхээ ачийг үргэлж дурсан санаж явах болно оо.

Сэтгэгдэл бичих