2017 оны төгсөгч А.Сайнзаяа

2017/08/30 Сэтгэгдэл үлдээх

Сайн байцгаана уу?
Намайг Алтансүхийн Сайнзаяа гэдэг. Би 2017 онд Улаанбаатар Эмпати сургуулийн тэргүүний сурагчидын нэг болон төгсөж МУИСийн Хууль Зүйн Сургуульд элсэн орсон.
Ахын минь сурч байсан сургууль учраас бүр бага байхаасаа л энэхүү сургуульд орохыг мөрөөддөг байсан минь 2013 онд биелэлээ олж сургуульдаа тэнцэн орж байсан үе саяхан юм шиг л санагддаг. Аав ээжээсээ алхам ч холдож үзээгүй шахуу надад сургууль маань маш олон зүйл зааж өгсөн бөгөөд үүний нэг нь биеэ даах чадвар яах аргагүй мөн билээ. Үеийн найзуудтайгаа хамт амьдарч тэдэнтэй хамт сурч боловсорч өсөн торних нь бусдын дэргэд биеэ хэрхэн авч явахад сургадаг бөгөөд олон төрлийн хүмүүстэй зохицон амьдрах чадвартай болоход маань ихээхэн тусласан байдаг. Энэхүү сургуульд 4 жил сурахдаа өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг болсон бөгөөд бусадтай ойлголцох болон биеэ даан ажиллаж цагийг хэрхэн зөв хуваарилахад суралцжээ. Манай сургууль заах арга барил сайтай, сурагч бүртэй тулж ажиллах чадвартай багш нартай бөгөөд энэ нь ч шавь нарых нь сурлага хөдөлмөрт сайнаар нөлөөлдөг болов уу гэж бодож байна.
Итгэл даалгасан багш нарын минь ачаар надад маш олон боломж нээгдсэн бөгөөд тухайлбал уг сургуульд суралцах хугацаандаа эрдэм мэдлэг болон спорт урлагийн олон тэмцээн уралдаанд оролцож чамлахааргүй амжилт гаргажээ. Үүнд 2015 оны хувийн хэвшлийн сургуулиудын сагсан бөмбөгийн анхдугаар лигээс мөнгөн медаль мөн 2015 онд болсон 13 дахь удаагийн олон улсын турк хэлний олимпиадад уран уншлагаар мөнгөн медаль, Олон улсын Турк хэлний унших, бичих болон ярианы чадвар шалгах олимпиадаас хүрэл медаль тус тус хүртжээ. Үүгээр зогсохгүй 2016 онд Нийслэлийн Нийгмийн Ухааны Анхдугаар Олимпиадаас хүрэл медаль хүртсэн бөгөөд 2017 онд “the World Scholar’s Cup” олон улсын тэмцээнээс алт мөнгө хүрэл нийлсэн нийт 5 медаль хүртжээ. Мөн СЭЗИС-ийн нэрэмжит англи хэл математикийн VII, нийгмийн тухай мэдлэгийн анхдугаар олимпиадад амжилттай оролцож тусгай байранд орж байсан. Үүнээс үзэхэд Улаанбаатар Эмпати Сургууль нь чанартай боловсрол олгодог төдийгүй хүүхэд бүрт өөрийгөө нээх боломжийг олгодог бөгөөд нөөц чадвараа бүрэн дүүрэн ашиглахад нь ихээхэн туслалцаа үзүүлж сурагч бүрээ хөгжлийн үүдэнд хүргэж чадах гүүр нь болдог юм.
Энэхүү сургуульд суралцах хугацаандаа олон гайхалтай хүмүүстэй уулзсан бөгөөд өөрийгөө нээн илрүүлснээс гадна үнэнч найз нөхдөө олж ирээдүйнхээ зүг чигийг тодорхойлон амьдралдаа томоохон алхам хийжээ. Ачит багш нар, үе тэнгийн найзууд минь болон сургуулийн хамт олон маань миний амьдралын 4 жилийг надтай хамт өнгөрөөсөн бөгөөд ирээдүйд ч миний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно. Нийт сургуулийнхаа хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэн ажил үйлсийн их амжилт хүсье. Та бүгдийн ач тус, надад өгсөн бүхэн тань хэзээ ч үл мартагдана.

Сэтгэгдэл бичих